ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧИЙН ЯРИЛЦЛАГА

Асуулт: Өөрийнхөө танилцуулгаас эхлэх үү?

Хариулт: Суурь мэргэжил нисэхийн инженер. Компьютерын мэргэжил эзэмшээд л багшийн ажил руу орсон. За тэгээд програмист, компьютерийн ухаан, төрийн удирдлага, боловсрол судлал гээд суралцсан даа. 2003 оноос хойш боловсролын салбарт Learning by doing зарчмаар суралцаж байна. Сингапур, Австрали, АНУ, Япон, БНСУ-д боловсролын мэргэшүүлэх сургалтууд авсан. Япон, Солонгос, Австрали, Сингапур, Герман, Финлянд, АНУ, Израйль улсуудын боловсролын системийг тухайлан судалж, өөрийнхөө хэмжээнд мэдлэг хуримтлуулсан.

 

Асуулт: Сингапур сургууль байгуулах болсон талаараа яриач.

Хариулт: 2011 онд Сингапур улсад анх очоод эмх цэгц, цэвэрч байдал, аюулгүй байдал гэсэн 3 зүйлийг мэдэрсэн. Байгалийн баялаг бүү хэл уух цэвэр ус ч үгүй, загасчны ядуу суурингаас Азийн бар улс болсон түүх нь өөрийн эрхгүй намайг татаж байлаа. Олон аялал, уулзалт, судалгаа, ном, эх үүсвэрийг үзсэний эцэст Сингапур улсын хөгжлийн нэг тулгуур нь сайн боловсролтой хүн ам, өндөр боловсролтой удирдагчид юм гэдгийг баттай хэлж чадахаар болсон. OECD-ын боловсролын чанарын үнэлгээний PISA шалгалтын mathematics, science, reading гэсэн бүх 3 хичээлээр Сингапур улс 2012 оноос тасралтгүй дэлхийд тэргүүлж байгаа нь энэ системийг авах үндсэн шалтгаануудын нэг болсон. Том төсөл эхлүүлэх хэцүү шийдвэр гаргахад сингапур найз нар маань гол нөлөө  үзүүлсэн. Боловсрол, технологийн салбарт ажилладаг, монголд элэгтэй, монгол хүүхдүүдэд туслах чин хүсэлтэй тэдгээр залуусын сэтгэл, хүчин чармайлт нь надад маш их урам зориг өгдөг юм. Өөрийн хамгийн шилдэг гэж үздэг боловсролын системийг эх орондоо нутагшуулан жинхэнэ сингапур сургууль байгуулах боломж надад олдож, том зорилго тээн 2015 оноос өдийг хүртэл зүтгэж байгаадаа сэтгэл хангалуун явдаг.

 

Асуулт: Жинхэнэ сингапур сургууль гэдгээ тодотгоод өгвөл?

Хариулт: Жинхэнэ сингапур сургууль байгуулна гэдэг нь олон гадаад багш авчраад, сингапур сургалтын хөтөлбөр, ном, сурах бичгийг нь ашиглаад, гоё анги танхимд олон цагаар хичээллээд болчихдог хялбар зүйл биш аж. Жинхэнэ сингапур сургуулийн “орчин” бүрдүүлж байж, дараа нь сургалтын үйл ажиллагаа яригдана. Орчин гэдгийг боловсролынх нь үзэл санаа, дотоод хандлага, зан үйл, дадал хэвшлүүд, мэдрэмж гэсэн талаас нь харахыг чухалчилдаг. Сингапур хүн шиг төлөвшиж байж, сингапур боловсролын үр шимийг хүртэж чадна. Эдгээр зүйлсийг модтой зүйрлэвэл сайхан ургаж цэцэглэх хөрс нь орчин, харин хувь хүний суурь хүмүүжил, төлөвшил, хандлага, зан чанар нь модны үндэс юм. Сайн хөрстэй, бат бэх суурьтай бол хүүхдийг ургуулан хөгжүүлэх нь багш бидний хувьд үнэндээ таашаал юм. Хэн хэн нь суралцах, сургах ажлыг таашаалтай хийж байж л үр дүнд хүрнэ. Стрессгүй, ялгаварлалгүй, хайрцаггүй боловсролын үйлчилгээ үзүүлэх явдал нь сингапур орчин юм. Ийм орчинд л хүүхэд зөв төлөвшиж, үр дүнтэй суралцаж, сайн хөгжиж чадна. Сингапурын боловсролын эрхэм зорилго нь хүүхэд бүрт цогц (holystic) боловсролыг эзэмшүүлнэ гэсэн байдаг. Цогц боловсрол дотор зүрх сэтгэл (hearts-on), оюун ухаан (minds-on), ур чадвар (hands-on)-ыг нь нээн хөгжүүлж, хард, софт чадваруудыг хамт эзэмшүүлэх үйл ажиллагаанууд багтдаг юм. Энэ үзэл санааг нь эхлээд хуулж, дараа нь өөриймсүүлж нутагшуулна. Сингапурын боловсрол нь дэлхийн хүн бэлтгэдгийг олон эцэг, эхчүүд мэддэг болжээ. Ийм хүмүүс л манайхыг сонгож байна.

 

Асуулт: Сүүлийн үед олон хүн зөөлөн, хатуу ур чадварыг хамтад нь эзэмшүүлэх тухай их ярьдаг болсон. Soft skills нь EQ, таны ярьдаг өсөх сэтгэлгээ зэрэг багтдаг. 21-р зууны чадамж биз дээ энэ бүгд?

Хариулт: Суралцагчид боловсролын байгууллагад суралцах явцдаа зөөлөн, хатуу чадваруудыг эзэмшиж байж боловсролтой болно. Хатуу гэдэгт бидний мэддэг тоо, хэл, шинжлэх ухаан, компьютер, арт хичээлүүд хамаарна. Харин зөөлөн буюу 21 зууны ур чадварууд нь критикал, креатив сэтгэлгээ, асуудал шийдвэрлэх, шийдвэр гаргах, манлайлах ур чадвар, дасан зохицох, хүнтэй харилцах, харилцаа холбоо тогтоох зэрэг бидэнд танил биш чадварууд орж байгаа. Энэ талаар дараагийн удаа нилээд дэлгэрэнгүй ярих бодолтой байгаа тул ингэсгээд зогсоё.

 

Асуулт: Ярьсан зүйлээ сургууль дээрээ хэрхэн хэрэгжүүлэх вэ?

Хариулт: Монгол хөрсөн дээр сингапур сургуулийн соёл хандлага төлөвшүүлэх хүнд хэцүү ажлыг эхлүүлж байна. Эхний ээлжинд хүүхдүүд сургуульдаа ирэхдээ дуртай болгох үүднээс аль болох дарамт, стрессгүй байлгахыг хичээж байна. Олон тооны хүнд агуулгаар хичээл оруулахгүй байх, гэрийн даалгавраар дарахгүй байх, дүн аль болох тавихгүй байх, хүүхдэд ахадсан үүрэг ноогдуулахгүй байх, өөрөөрөө байх орон зайтай байх, хэв загварт барихгүй байх, алдаа гаргаж үзэх боломж олгоход анхаарч байна. Хэн нэг хүүхдийг онцгойруулан магтах, өрсөлдүүлэн өргөмжлөх зэрэг үйлийг хийдэггүй. Харин ч хайрлаад л, эрхлүүлээд л байхыг зорьж байна. Өсөх хандлагын элементүүдийг бага багаар суулгаж байна. Сургалтын үйл ажиллагаа нь танхимын сургалт, танхимын гадуурх практик арга хэмжээнүүд, олон төрлийн хөгжүүлэх хөтөлбөрийн сургалтууд гээд сургалтаа аль болох “цогц” хэрэгжүүлэхийг зорин ажиллаж байна. Багш, сурагчдадаа зөөлөн ур чадвар төлөвшүүлэх үндсэн арга зам болох хөгжүүлэх хөтөлбөрт өндөр ач холбогдол өгч байна. Манай хамт олон, багш нар, аав ээж нарын хувьд хөгжүүлэх хөтөлбөрийн зарчимтай танилцах шатандаа явж байгаа. Бид бүгдийн боловсролыг харах өнцөг хоорондоо зөрүүтэй байгаа. Ижилсгэхэд мэдээж цаг хэрэгтэй. Тэвчээртэй хүлээнэ.

 

Асуулт: Хөгжүүлэх хөтөлбөрт их ач холбогдол өгч байгаа санагдлаа. Дэлгэрүүлэн ярих хэрэгтэй байх.

Хариулт: Хөгжүүлэх хөтөлбөрийг ерөнхий утгаар нь сургалтыг дэмжих үйл ажиллагаа гэж ойлгоно. Сингапур улсад enrichments, АНУ, Финлянд, Солонгос улсад after school programs гэж нэрлэдэг. Миний хамгийн жишээ татах дуртай туршлага бол Финлянд улсын туршлага юм. Стрессийн түвшин “0”.  Сургуулиудын үндсэн хичээл нь үдээс өмнө ордог. Хичээлийн цаг бага. Завсарлага их. Гэрийн даалгавар байхгүй. Бага ангид дүн тавьдаггүй. Олимпиад, уралдаанаар өрсөлдөхгүй. Сургууль, багш нараа эрэмбэлдэггүй. Харин хичээлийн дараа заавал хөгжүүлэх хөтөлбөрийн сургалтдаа сууцгаана. Бүх хүүхэд сонирхлынхоо дагуу хөтөлбөрөө сонгоно. Финлянд улсад 100 мянга гаруй төрийн бус байгууллага, холбоод, сургалтын төвүүд хөгжүүлэх хөтөлбөрийн асуудалд оролцдог нь энэ төрлийн хөтөлбөр нь тэдний амьдралын хэв маяг хэдийнэ болсныг харуулж байна. Ийм хайнга гэж болох зохион байгуулалттай боловсролын систем дэлхийд тэргүүлж л байгаа. Өөр нэг жишээ. Сингапурын боловсрол нь ачаалал ихтэйд тооцогддог байсан бол 2018 оноос эхлэн бага боловсролыг стрессээс бүрэн чөлөөлсөн. Дүнгүй, гэрийн даалгаваргүй. Харин илүү олон нийтийн үйл ажиллагаанд оролцуулсан, тоглуулсан, хөгжилдсөн байхад л анхаарна. Хичээлийн дараа болон амралтын өдрүүдээр хөгжүүлэх хөтөлбөрийн төвүүдэд сонирхлын дагуу сургалтад сууна. Сингапур улсын дунд боловсрол өнөөдөр ч дэлхийд тэргүүлсээр байна. Мөн Японы бага сургуулиудад академик хичээлүүд цөөн тоотой орж, япон хүн болоход нь голлон анхаардаг тул ачаалал бага, сургалтын үр дүнгийн ач холбогдол өндөр юм. Стресс хэдий чинээ бага байна, төдий чинээ сургалтын үр дүн өндөр байдгийг дээрх жишээнүүдийг дурдахад хангалттай байх.

 

Асуулт: Танайх сургууль дээрээ хөгжүүлэх хөтөлбөрийг яаж хэрэгжүүлж байна?

Хариулт: Манай сургууль үндэсний цөм хөтөлбөрийг бүрэн хэрэгжүүлэхийн хамт хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд Сингапур улсын ерөнхий боловсролын зарим хөтөлбөрийг франчайз эрхтэйгээр хэрэгжүүлнэ гэсэн эхний 5 жилийн богино хугацааны зорилт тавин ажиллаж байгаа. Бид үндсэн хөтөлбөр, хөгжүүлэх хөтөлбөр гэсэн параллель 2 шугамыг жигд авч явах зорилгод тулгуурлан ажилладаг. БСШУЯ-аас баталсан стандарт, хөтөлбөр, сургалтын төлөвлөгөөний дагуу мөн цөөн тооны хичээлүүдийн гүнзгийрүүлсэн агуулгыг хамтад нь үндсэн хөтөлбөр гэж нэрлэдэг. Хичээлээс гадуур зохион байгуулагддаг олон талт сургалт, арга хэмжээнүүд нь хөгжүүлэх хөтөлбөр юм. Хөгжүүлэх хөтөлбөрийг дараах 4 чиглэлээр хувааж авч үздэг. Тэдгээр нь:

Эхний чиглэл нь, Франчайз хөтөлбөрүүд,

Хоёрдахь чиглэл нь Ухааны хөтөлбөрүүд,

Гуравдахь чиглэл нь Авьяас хөтөлбөрүүд,

Дөрөвдэх нь, Бүх хүүхдийн хамтын оролцоот нэгдсэн арга хэмжээнүүд юм. Нэг сурагч үндсэн хичээлийнхээ агуулга дээр нэмээд хөгжүүлэх хөтөлбөрийнхөө хүрээнд дээрх 4 чиглэл тус бүрээс дор хаяж 1 сургалт, үйл ажиллагааг сонгож хамрагдаж байгаа. Ингэснээр сэтгэл зүй, бие бялдар, оюун ухааны хувьд жигд хөгжинө гэсэн үг юм. Юуны түрүүнд багш, сурагчдынхаа зүрх, сэтгэлийг нээж, өсөх хандлагатай болгоход голчлон анхаарч байна.

 

Асуулт: Ийм олон төрлийн арга хэмжээг зохион байгуулахад хэр хүндрэлтэй вэ?

Хариулт: Шинээр эхлэхэд хүндрэлгүй зүйл гэж байхгүй. Хамгийн их хүндрэл учруулж байгаа зүйл бол соёл, сэтгэлгээний ялгаа байна. Монгол соёл, монгол сэтгэлгээгээр бидний хийж байгаа ажлыг харах, сингапур сургуулийн элементүүдийг монгол амьдралын хэв маягтай тааруулах, түүнтэй адилтгах гэж оролдох нь угаасаа боломжгүй. Аав, ээж нар өөр өөрийнхөө дотор ямар нэг сургуулийн загвар төсөөлөөд, түүнийгээ биднээс хүсэж байгаа нь сайшаалтай ч алдаатай бодолтой байдаг. Бид авах санаа байвал аваад л явна. Хүүхдийнхээ нас, сэтгэхүй, бие бялдрын онцлогийг мэддэггүй байж маш их зүйл хүсдэг, шахдаг. Төсөөлснөөс нь өөр, танил бус зүйлс гараад ирэхээр буруу, дутуу гэж бухимдаад байдаг. Энэ мэт зүйлээс болж хүүхэд нь багш, сургуулиа үнэлэхээ больж, бидний хүсээд байгаа амжилтад хүрэх нөхцөлийг үгүй хийх талтай. Хүүхдийн биеийг нь даалгадаггүй. Багадаа төлөвшөөгүй чадвар том болоод төлөвших боломжгүй. Тэр хүмүүсийн хүүхдийн төлөө гаргасан бидний зүтгэл талаар болох нь бий. Энэ нь хүүхдэдээ ч, сургуульдаа ч, аав, ээж нарт өөрсдөд нь ч хохиролтой. Хүүхдэд боловсрол эзэмшүүлнэ гэдэг нь сургууль, багш нар-сурагч-эцэг эх-гадаад орчин гэсэн олон зүйлсийн зөв зохицол дээр явагдах нарийн зохион байгуулалттай зүйл. Авууштай нь хүүхдүүд маань сургуулиараа нэг хамт олон болон төлөвшиж эхэлж байна. Хэн ч хаана ч гэртээ байгаа мэт тав тухтай байж эхэлж байна. Захирал, багш нараас эмээх бус найзархаж болдгийг бүрэн мэдэрч байгаа тал бидний ажлын үр дүнгээс гарч эхэлж байна. Хамтдаа сэтгэл зүтгэлээ нэгтгэн ажиллахад л бид хамтын зорилгодоо хүрнэ шүү дээ.

 

Асуулт: Яая гэж бодож байна? Амаргүй л юм шиг санагдаж байна.

Хариулт: Нялх амьтдаас агшин зуурын амжилт нэхнэ гэдэг нь өөрөө харгис зүйл. Аав, ээж нартай нэг бүрчлэн уулзаж, надад мөн манай хамт олонд итгэл үзүүлэх эсэхийг нь асуух л болоод байгаа. Итгэхгүй бол гэрээгээ цуцлаад цаашаа явахаас өөр аргагүй. Итгэж байгаа бол итгэсэн шиг итгээд, сургалтын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлээд явахыг хүснэ. Манай барьж байгаа бодлого бол бага ангид нь бодол, оюуныг нь нээж, ачаалал дааж суралцах сэтгэлзүй, суралцах чадамжтай, дээрээс нь англи хэлтэй болгоход анхаарна. Ахлах дээд ангиас нь шинжлэх ухаанаар бөмбөгдөнө дөө. Манай ажлын үр дүн нь хүүхдүүд сургуулиа төгсөөд, амьдрал дээр гарсны дараа хэрхэн аж төрж, ажиллаж, хөгжиж байгаагаар үнэлэгдэх учир бага зэрэг төвөгтэй. Хажууд сууж байгаа хүүхдийг хараад юм сурсан, сураагүй гэж ярих, дүгнэх боломжгүй. Шинэ мэдлэг, технологи, өвчин тахлын улмаас амьдрал дээр бүх зүйл өөрчлөгдөж байгааг харж, мэдэрч байна. Тэдгээр сорилтод бэлэн бие хүн болгон хүмүүжүүлж чадсан бол монгол хүний төлөө хийж чадсан зүйл гэж үзэх болно. Магадгүй нэг үеийнхний боловсрох үйл явцыг үзээд миний үе дуусах биз. Амьдрал богино, юманд цаг нөхцөөсөн байдлаар хандахыг хүсдэггүй. Ганц ч гэсэн зүйлийг өөрийн цаг үедээ амжиж хийж үлдээхийг хүсэж зүтгэж байгаа. Боловсрол гэдэг нь урт хугацааны хүч чармайлт шаарддаг учраас ингэж ярьж байгаа юм. Сургууль маань цаашид баттай олон арван жил оршин тогтнож, хөгжөөсэй гэж хүсэж байна. Энэ хавьд  1 км радиус дотор Интернейшнл скүүл, Орчлон, Гетё, Глобал гээд 10 гаруй тэргүүлэх хувийн дунд сургуулиуд байгаа. Энэ бол томоохон өрсөлдөөний орчин гэсэн үг. Одоо цагт хүн хүссэнээ сонгох эрх нь нээлттэй, өөрсдийнх нь мэдэх хэрэг болсон. Гэхдээ манай сургуулийг сонгох шалтгааныг бий болгож чадна гэдэгтээ итгэлтэй байдаг. Улаанбаатар хотын хамгийн гоё орчинтой газар, “өөр” загвартай байранд сургуулиа эхлүүлсэн. Сургуулийн дотор тал өнгөлөг, шал нь цагаан, цэвэрхэн, гэрэлтүүлэг сайтай, уян хатан орон зай гээд өндөр үнэ төлж энэ бүхнийг авч байгаа ч сингапур хэв маягийг бүрдүүлэхийг хичээсээр байна. Эрүүл өрсөлдөөний үр дүнд монгол хүүхдүүд, монгол улс хожих тул бид дуртай. Би багш, сурагчид, эцэг эхчүүдээсээ сингапур сургуулийн соёлын цөөн хэдхэн элементийг дагаж мөрдөхийг л шаардана. Хүсэхгүй бол бид цааш хамтдаа явах боломжгүй юм.  

 

Асуулт: Багш нараа хэрхэн өөрчилж байна?

Хариулт: Багш нараасаа өмнөх мэдлэг, ажлын туршлагаа сургуулийн үзэл санаанд нийцүүлэн өөрчлөхийг хүсэж байгаа. Мэргэшүүлэх сургалтуудыг шат дараатайгаар хийж байна. Бага сагаар дасаж байна. Стрессгүй, ялгаварлалгүй, хайрцаггүй гэдэг юмаа байнга ярьж байна. Багш хүн гэхээрээ бүхнийг мэдэгчийн дүрд тоглож, хүүхдийн гаргаж тавьсан “хайрцаггүй” санаа бодлыг эрс няцаан, өөрийн хэвшмэл бодлоо тулгах байдал түгээмэл байдгийг бид арилгаж чадаж байна. Багшийн үүрэг бол хүүхдийн хамтрагч байж, сониуч, эрэлч хайгуулч нэгэн болох явдал болоод байгаа юм. Өсөх сэтгэлгээний талаар олон ном уншуулж, эшлэл санаагаар цэнэглэж байна. Манай багш нар зөвлөгч, чиглүүлэгч хийх чадамжтай болж байгаа. Багш нар чинь ямар хүмүүс байна гэж их асуудаг. SSM certified гэж хариулах цаг ойртож байна. Миний хувьд хүний өмнөх алдар цол, амжилтыг чухалчилдаггүй. Одоо тэр хүнд ажиллах эрч хүч, зөв хандлага байна уу гэдгийг л хардаг. Түүний дараа төгс гүйцэтгэл аяндаа дагаж ирнэ. Хүүхэд амжилттай сурахад материаллаг орчин, мөнгө, санхүү тодорхой хувиар нөлөөлж болох боловч багшийн сэтгэл, зүтгэлийг мөнгөөр үнэлэхийн аргагүй чухал хувь нэмэр оруулдаг. Худалдаад авчихаж болдоггүй зүйл бол багшийн сэтгэл зүтгэл юм. Тиймээс багш нарыг хайрлаж, багш нараа дэмжиж, багш нартайгаа хамтран ажиллах нь багшийг тэтгэж байдаг үндсэн урамшил болдог. Хаа хаанаа анзаарч байх зүйл энэ юм.

 

Асуулт: Төлбөрийн хувьд боломжийн санагдаж байна. Олон зүйл төлөвлөж байгаа юм байна. Төлбөр ч нэлээд өсөх байх даа?

Хариулт: Манай сургуулийн төлбөр ойр орчмын сургуулиудтай харьцуулахад их биш. Ижил чанарыг хямд үнээр олгох бодлого баримталж байгаа. Үндсэн хөтөлбөрийн болон гүнзгийрүүлсэн хичээлийн сургалт, авьяасыг хөгжүүлэх бүлгийн хичээлүүдийн төлбөрийг тогтвортой барьж, тухайн түвшиндээ анх орсон төлбөрөөрөө суралцах боломжийг олгож байгаа. Харин гадаадын болон ур чадварын зарим хөтөлбөрийн төлбөрийг тусад нь төлөөд нэмэлтээр үзэх сонголтыг эцэг, эхчүүдэд үлдээж байна. Үндсэн хөтөлбөрийн сургалт нь 1-2 дугаар ангийнханд хангалттай ачаалал өгнө. Тиймээс бараг нэмж сонгох шаардлагагүй. Дунд, ахлах ангийн сурагчид харин ирээдүйнхээ зорилго, сонирхлынхоо дагуу нэмэлтээр хичээл сонгож үзэх нь нээлттэй. Яг л кабелийн телевизийн зарчимтай ижил. Бага төлбөр төлөөд үндсэн багцаа авдаг. Үүнд нь ТВ-ийн олон суваг, интернет, утас холбоо нь багтаж байгаа. Багцад хүний үзэж сонсох бараг бүх суваг багтдаг. Гэвч сонирхол хоббигоороо спорт багц, дууны багц, киноны багцыг нэмэлтээр авч үзээд, төлбөрөө төлөөд явдаг. Үнэхээр авах ёстой юу гэдэг нь хувь хүний сонголт. Бид үүнтэй ижлээр уян хатан хөтөлбөрийн боломж, үүнийг дагасан уян хатан төлбөрийн бодлого барин ажиллаж байна.

 

Асуулт: Цаашдаа олон улсын хөтөлбөртэй сургууль болохоор зорьж байгаа нь дамжиггүй. Ямар төлөвлөгөөтэй байна?

Хариулт: 100% монгол багш нартай, олон улсын хөтөлбөртэй сургууль байгуулж болдгийг харуулахыг зорьж байгаа. Сингапурын бага боловсрол нь 6 жил, суурь нь 3-4 жил байдаг. Энэ форматыг баримтална. Ахлах сургуульдаа IB хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Манай суралцагчдын 20% нь академик шинжлэх ухааны чиглэлд, 40-50 хувь хэрэглээний шинжлэх ухааны чиглэлд, 30-40% энтрепренёрууд болно гэсэн өөдрөг төсөөллөөр ажлаа төлөвлөж байгаа. Манай төгсөгч бүр төрөлх хэл, гадаад хэл (англи-хятад хэл), компьютерийн хэл гэсэн 3 хэлийг төгс эзэмшинэ. Альфа үеийнхнийг Х, Z үеийнхний мэддэг арга барил, дүрмээр сургахгүй. Дижитал сургалтын арга зүйтэй хослуулан танхимын сургалтаа чанаржуулна. Сургалтын үйл ажиллагаанд танхимын сургалтын эзлэх хувь жилээс жилд багасах нь дамжиггүй. Багшгүй сургалтыг төсөөлж чаддаг болох ёстой. Үзэж сурах бүх зүйл нь интернет дээр байхад маш их цаг гаргаж сургуульд явж, дүн авч, шалгалтад тэнцэж үнэмлэх диплом авахын төлөө явдаг цаг үе удахгүй дуусна гэдэгт итгэлтэй байна. Харин үүний оронд бараг хэрэгтэй зүйлээ цаг тухайд нь сураад, орхиод, сураад, шинэчлээд явах нь үр дүнтэй. Суурь боловсролын дараагийн шатны боловсролын тухай ярьж байна шүү. Буруу ойлгох вий. Энтрепренёр соёлын тухай ярьчих гээд л байна. Ингэсгээд зогсоё.

 

Асуулт: Би асуулгүй орхигдуулсан зүйл байж магад. Эцэст нь хэлэх зүйл байна уу?

Хариулт: Хүний эзэмшиж болох хамгийн үнэт бөгөөд үл алдагдах мөн чанар бол системтэйгээр суралцаж төлөвшсөн боловсрол. Боловсрол, мэдлэгтэй иргэдтэй улс орон хөгждөг туршлагыг бид мэднэ. Бидний хүч чармайлт, хөрөнгө оруулалт маань эх орныхоо хөгжилд оруулж буй эрхэм үйл гэж манай хамт олон итгэж байна.